Thursday, April 4, 2013

“УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” УРТЫН ДУУНЫ ЯРУУ НАЙРАГ, АЯЛГУУНЫ ШҮТЭЛЦЭЭНИЙ ТУХАЙД


“Уяхан замбуу тивийн наран” уртын дуу нь Монголчуудын өдөр тутмын аж амьдралын баяр баяслын шүтээн нарыг эрхэмлэн дээдлэх үзлийн дээд илэрхийлэл болон үүсч гарсан юм. Учир нь Монголчууд эртнээс нааш нарыг эрхэмлэн дээдлэх онцгой зан үйлтэй байсан. 
“Эртний Сяньби нар гэр орныхоо үүдийг наран мандах зүгт харуулан барьдаг” /1/ байсан нь нараа дээдлэх зан заншлын илэрхийлэл болж байв. Монголчуудын нар эрхэмлэх хамгийн түгээмэл заншил нь аливаа ажил үйлс, баяр ёслолыг мандах нарнаар тохиолдуулан тэмдэглэхийг урьдал болгодог байсан. “Шинийн нэгний өглөө наран ургахаас өмнө уул овоондоо гарч наранд мөргөх, мал аж ахуйтай холбоотой зан үйлийг заавал нар мандах үеэр ёслон гүйцэтгэдэг байсан” /2/. 
     Малч монгол хүн заавал наран ургахаас өмнө босч ажил үйлээ эхлүүлсэн байх нь бичигдээгүй хууль юм. Айлд очсон шинэхэн бэр, нар гартал босолгүй унтчихвал айл хотлын шившиг болно. Ер амьдарлынхаа турш төдөн оны наран ургахыг үзлээ дээ хөөрхий хэмээн хөгшдийн ярилцах нь мөнөөх нараа эрхэмлэн шүтэхийн ёсон хадгалагдан байгаагийнх. Өглөө бүр ургах наранд цайны дээжээ өргөх,  орой жаргах наранд залбиран маргаашийн мандах нарыг үзье гэж ерөөх бүхэн нь тэнгэр болоод наран шүтлэг эдүгээ ч уламжлагдсаар байна гэсэн үг. Бусад ард түмнээс ихээхэн ялгавартай нь Монголчууд өглөө бүрийн нарыг угтан баясч, шүтэж ирсэн төдийгүй амьтан болоод хүмүнийг ижилгүй гийгүүлэгч алтан нараа магтсан домог үлгэр, дуу дуулал, ерөөл магтаал, сан, даллага зохион зан заншлынхаа дээд оюун сэтгэлгээндээ гүнзгий хадгалан хөгжүүлсээр ирсэн юм. Түүн дундаас нарны өргөл болсон “Уяхан замбуу тивийн наран” хэмээх айзам их уртын дууг зохион зуун зууны турш дуулсаар иржээ. Энэ дуу хэзээ зохиогдсоныг  өнөөдөр ямарч судлаач бараг багцаалдан хэлж чадахгүй. Уртын дууг монголчууд хэзээнээс зохион дуулж ирэв тэр үед л энэ дуу төрсөн нь гарцаагүй.
Хүннү, Сяньбичууд уртын дуу дуулдаг байсан тухай сурвалж бичигт үлдсэн нь бий. Тэгвэл “Уяхан замбуу тивийн наран” дууны үүссэн нас хэдэн мянган жилийн өмнө болох нь гарцаагүй. “Уяхан замбуу тивийн наран” уртын дуу бол Монголчуудын наранд өргөсөн “Наран дуулал” юм. Үг шүлэглэл, аялгуу эгшиглэн нь нэгдэн зохирсон ийм цараалаг дэлгэр том нарны дууллыг монголчууд нараа дээдлэгч дэлхийн хүмүүст өргөн барьсан юм. Орос хэлээр Гимн солнце /Нарны дуулал/ хэмээн орчуулжээ. “Уяхан замбуу тивийн наран”
уртын дуу нь гэрийн найрын дуунаас төрийн дуу, тайзны мэргэжлийн дуу дуулал болон хөгжиж Л.Мөрдорж, Б.Шарав нарын суутнуудын хөгжмийн найрсан зохилдохын ухаанаар шүүгдэн боловсорсны хойно сая ЮНЕСКО-д бүртгэгдэн дэлхийн хөгжмийн сан хөмрөгт багтан орсон юм. Дууны анхдугаар түрлэг шүлгийг анхааръя.
Энэ сайхан замбуу тивийн нар
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандан мандсаар байдаг л билүү дээ
Та мину зээ
Ертөнцийн хүн амьтан, ус, ургамал бүхнийг алаглалгүйгээр гийгүүлэгч наран ургахын гайхамшгийг энгүүнээр илэрхийлэн хэлэхдээ Энэ  сайхан /нараа хэлэв/, Илхэн бүхий /нутаг орон дэлхийгээ хэлэв/, Мөхдөлгүй /нарны насыг хэлэв/, Мандан мандсаар /урган дээшлэхийг хэлэв/ үгсийг сонгосон нь монгол хүмүүс өдөр бүрийн яриандаа тэр бүр хэрэглээд байдаггүй мөртлөө ховор биш тэгтлээн уран гоёмсог бус шударга дэлгэр утгат үгсийг сонгон шүлэглэж аялгууны урт богино, дээш доош, өргөн нарийн олон өнгөнд зохилдох ухааныг баримталсан байна. Үгийн утганаас аялгууны цараа цацардаг. Монголын айзам урт дуунуудыг дан давхар шуранхайтай дуу гэж дуучид ярилцдаг. “Уяхан замбуу тивийн наран” дуу бол давхар шуранхайтай хамгийн том дуунуудын нэг юм /4/.
            “Тэр монгол дууны нэг их хэцүү хийц нэгдүгээрт дээд талдаа нарийн нандин юмтай хэцүү дуунууд давхар шуранхайтай байдаг. Замбуу тив давхар шуранхайтай” /4/.
            Их дууч Ж.Дорждагва, Ж.Бадраад ингэж ярьжээ. Давхар шуранхайтай айзам их урт дуунуудыг эгэл жирийн дуучид тэр бүр дуулдаггүй байсан. Бидний сурвалжлан мэдсэнээр XIX-XX зуунд Халхын их дууч аварга М.Мөрренчин, М.Жунай, Ж.Дорждагва, Төмөр, Н.Норовбанзад нар дуулж иржээ. Эдний дуулж ирсэн уламжлалыг хойч үеийнхэн даган залгамжлан авсан юм.
“Мөрренчин дууч аварга “Уяхан замбуу тивийн наран” дууг зүүн аймаг тэр дотроо гоёмсог цэвэр хийцтэй Хардэл аялгуугаар гайхалтай дуулдаг” /5/ байжээ.
1923 оны 10 дугаар сарын 28-нд Оросын хөгжмийн судлаач С.А.Кондратьев алдар гавъяат дууч М.Дугаржаваар “Замбуу тивийн наран”, “Дөмөн” дуунуудыг дуулуулан бичлэг хийж авснаа өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээжээ /6/. М.Дорждагвын намтар дурсамжид Замбуу тивийн наран дууг дуулдаг гэж огт дурдаагүй ч Кондратьевын тэмдэглэснээр Дугаржав эл дууг дуулдаг байсан нь гарцаагүй болж байна. Дугаржавын дуулсан “Уяхан замбуу тивийн наран” дуу бол Мөрренчин дууч багшаасаа заалган сурсан нь ойлгомжтой юм. Мөрренчин аварга, дууч Дугаржав нараар улбаалан наашилж шинэ үеийн Монголын мэргэжлийн их дуучдын урын санд орж Монголын тайзнаас дэлхийн сонорт хүрсэн юм. Шинэ үеийн дууч Төмөр, Дорждагва нар “Уяхан замбуу тивийн наран” дууг гайхалтай дуулдаг байж. Их дууч Норовбанзад “Уяхан замбуу тивийн наран” дууг Дорждагва багшаараа заалгажээ /3/. Норовбанзад бол “Уяхан замбуу тивийн наран”-г жинхэнэ дэлхий даяарын “Нарны дуулал” аялгуу болтол нь түгээсэн их гавъяатан гэдгийг манай үеийнхэн мэднэ. Норовбанзадын дуулдаг “Уяхан замбуу тивийн наран” дууг сонсоход газар дэлхийд төрсөн амьтай бүхэнд өөрийн илч дулаанаа хайрлаж байдаг нарны мянга мянган цацраг түгэн, амьдрал мөнх тэнгэрийн дор үргэлжилсээр байгаа тухай гүн ухааны утга санааг өгүүлж байна хэмээн бодогдоно” /7/ гэх юм уу 1993 онд Норовбанзадыг Фукуокогийн Азийн соёлын шагнал хүртээд Замбуу тивийг дуулахад их танхим тэр аяараа доргин хөдлөх шиг болж /3/ байжээ гэсэн судлаачдын дүгнэлт өдий төдий байна. Энэ нь дуучны хоолойн гайхамшгийг үнэлснээс гадна дууны ид шидтэй аялгуу түрлэг-шүлгийг бахдан хүлээн зөвшөөрч сэтгэлдээ нарны дууллыг шингээн авч байна гэсэн үг юм. “Уяхан замбуу тивийн наран” дууны хоёрдугаар түрлэг шүлэгт
Тэр лүгээ адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ
Та мину зээ гэжээ.
Ертөнцийн нарантай түмэн олныхоо ерөөл хайрыг адилтгасан нь тэгш эрхт амьдралын баяр баясгаланд хязгааргүй тэмүүлэхийн тухайт өөдрөг тэмүүлэлт үзэл бөгөөд зөв шударга үнэн сэтгэлтэй л байвал наран мэт ялгалгүйгээр асран гийгүүлнэ гэсэн гүн сэтгэлгээг шингээсэн байна.
            “Уяхан замбуу тивийн наран” урт дууны түрлэг шүлгийг давхар шуранхайт аялгуутай нь шүтэлцүүлэн ойлгохноо орчлонгийн хүмүн амьтсын жаргалан болсон их дэлгэмэл зураг эх хязгааргүй үргэлжлэх мэт.
            “Уяхан замбуу тивийн наран” дуу нь Монголчуудын нарыг эрхэмлэх, нар тахих, наранд мөргөх, нараа шүтэх зан үйлийн бүхий учир утгад цогцлон зангилагдсан нарны агуу их өргөлийн дуулал болно. Цаашид нарны дуулал болсон энэ айзам их урт дууны түрлэг шүлэг болоод аялгуу эгшиглэнгийн зохилдон найрсч яруусах ухааныг нарийвчлан судлах нь нэн чухал гэдгийг дэвшүүлэн тавьж байна. 

Ж.Саруулбуян

No comments:

Post a Comment